Sunday, December 14, 2014

Үндэсний бүтээн байгуулагч 20 жил

Энэ жил Монголын шилдэг компанийн нэг МСиЭс Группын 20 жилийн ой тохиож байна. Монголын бизнесийн түүхийн салшгүй хэсэг болсон тус компанийн хөгжил, өөрчлөлтийг харуулсан цуврал зургийг орууллаа.
























Эх сурвалж: http://news.gogo.mn/r/151899

Wednesday, October 1, 2014

Байгууллагын соёлын тухай

Манай байгууллагууд энэ байгууллагын соёл гээч зүйлээ жаахан эргэн харж, аятайхан байлгах тал дээр бодож үзэхгүй бол болохгүй байгаа юм даа. "Байгууллагын соёл"-ыг Эдгар Шейн гэх мэт Харвардын Бизнесийн Сургуулийн эрдэмтэд болон менежментийн тэргүүлэх, шилдэг судлаачид маш их судалж, бүтээл туурвил хийж ирсэн байдаг.
Швейцарьд байрладаг Менежментийн Хөгжлийн Институт буюу IMD-ийн судлаачдын 20 гаруй жил судалж гаргасан аргачлалаар бол байгууллагын соёл нь түүний үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд асар их нөлөөтэй зүйл гэж үздэг. Байгууллагын соёл сайтай байгууллагад л хүмүүс сэтгэл хангалуун ажиллаж, хөдөлмөрлөж, өндөр гүйцэтгэл гаргаж, компани нь ч улам их хөгжиж байдгийг бид МСиЭс Групп, Голомт Банк гэх мэт цөөн байгууллагын жишээнээс харж болно.
Дээр дурьдсан, энд зургаар хавсаргаж буй аргачлалаар бол байгууллагыг гадаад орчинд төвлөрөх болон дотоод руугаа чиглэх, өөрчлөлтөд дасан зохицох болон тогтвортой байх гэсэн 4 чиглэлд, эрхэм зорилго, зорилт, чиглэлийн тодорхой байдал, дотоод бүтэц, систем, процессуудын тогтвортой байдал, ажилтнуудын байгууллагаа өөрийн юм шиг мэдрэх, зориулалт гаргах, хариуцлага хүлээх гм оролцооны байдал, зах зээлийн өөрчлөлт, чиг хандлага, зүй тогтолд дасан зохицох чадвар гэсэн 4 талбарт, нийт 12 үзүүлэлтээр, 60 асуултаар оношилж гаргадаг.
Манай байгууллагууд бол байгууллагын соёлын хувьд зорилго чиглэл нь тодорхойгүй, бүтэц нь данхайсан, хүнд сурталтай процесстой, менежментийн системүүд муутай, ажилтнууд нь байгууллагынхаа эзэн гэж бодох нь бага, сэтгэл зориулалт муутай, зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчдийн хүсэл хүлээлтийг мэдрэх тал дээрээ хойрго байх юм даа.
Байгууллагын соёл муутай байгууллагууд улс даяар оршсоор...

Monday, May 19, 2014

"Тэнцвэртэй үнэлгээний арга" (Balanced Scorecard)

"Таны мэдвэл зохих менежментийн 50 санаа" номын хэсгүүдийг ганц нэгээр оруулж явъя гэж шийдсэн юм. Тус номын "Тэнцвэртэй үнэлгээний арга" хэмээх менежментийн чухал санааны тайлбарыг нийтэлж байна.


Хэрвээ менежментийг спортын багаар төсөөлвөл стратегийг байнга тоглолтоороо шуугиулж, хэвлэлийн од болж байдаг баатартай адилтгаж болох юм. Гэхдээ стратеги амжилттай хэрэгжээгүй бол юу ч биш юм. Тиймээс гүйцэтгэлийн үнэлгээ болон менежмент гэгдэх багийн даруухан тоглогчид бол гоол оруулж, оноо авахтай адил чухал зүйлс байдаг. Ерээд оны эхнээс стратегийг хэрэгжүүлэх нийтэд таашаагдсан арга нь “Тэнцвэртэй үнэлгээний арга” болсон юм.

“Тэнцвэртэй үнэлгээний арга” буюу Balanced Scorecard нь тухайн үеэс хойш хувьслын хэд хэдэн үе шатыг дамжсан бөгөөд анх 1992 онд “Харвардын Бизнесийн Тойм” сэтгүүлд Роберт Каплан, Дэйвид Нортон нар дэвшүүлэн тавьсан юм. “Тэнцвэртэй үнэлгээний арга” нь байгууллагын стратегийг тоогоор илэрхийлж болох зорилгуудад хувааж, тэдгээр зорилго биелэгдсэн эсэхийг хэмждэг. Ингэхдээ байгууллагын хэтийн зорилго, эрхэм зорилго зэргээс эхэлж, тэдгээрийг стратеги, тактикийн үйл ажиллагаанд буулгаж, эцэст нь хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Энэ нь “тэнцвэртэй”, хэмжигдэхүйц үйл ажиллагаа, хэмжигдэхүүнүүдийн зохион байгуулалт юм.

Каплан сүүлд “Тэнцвэртэй үнэлгээ: Та голын толиндоо хараад машинаа барьж чадахгүй” нэртэй ном хэвлүүлсэн бөгөөд аргаа нарийвчлан тайлбарласан байдаг. Хоёр эрдэмтэн компаниуд санхүүгийн статистикийг чиг баримжаа авах, хувьцаа эзэмшигчдийг тайвшруулахад ашиглахыг буруутгаагүй ч өөр талбарууд байх ёстойг чухалчилсан. Тэд дахиад 3 талбарыг нэмж, нийт 4 талбар байж болохыг санал болгосон.

“Тэнцвэртэй үнэлгээ нь таны стратегийн онолыг тайлбарлана. Та А зүйлийг хийхэд Б зүйл тохиолдоно гэж итгэж байж болох юм. Ингээд таамаглалаа шалгаж, эргэх холбооны тогтолцоогоороо стратегиа хянах ёстой. Ингэхдээ А зүйлийг хийсэн юм чинь Б зүйл бий болох нь уу гэж асуух ёстой” – Дэйвид Нортон, 2001

Санхүүгийн талбар. “Бид хувь эзэмшигчдэд ямархуу харагдаж байна вэ?” Цөөн хэдэн компани л санхүүгийн мэдээлэл дутагдсанаас болж хохирох нь бий. Байгууллагын санхүүгийн гүйцэтгэл бол оршин тогтнох, хувь эзэмшигчдийнхээ сэтгэлийг цатгах гол үндэс юм. Тиймээс ашигласан хөрөнгийн өгөөж, нэгжийн зардал, бэлэн мөнгөний урсгал, зах зээлд эзлэх хувь, ашгийн өсөлт гэх мэт өгөгдлүүд компанийн өсөлт, дэвшилд маш чухал байдаг. Каплан, Нортон нар хэмжилтийн энэ хэлбэрийг хэтэрхий онцолж байна гэж бага зэрэг шүүмжилсэн. Тэд санхүүгийн өгөгдөл нь өнгөрсөн түүхийг харуулдаг гэдгийг онцолсон. Санхүүгийн өгөгдлүүд нь байгууллагад чухам юу болоод өнгөрсөнийг харуулдаг. Гэвч яг одоо байгууллага ямархуу байгааг харуулдаггүй. Санхүүгийн сурталчилгаанд гардаг шиг өнгөрсөн хугацааны гүйцэтгэл нь ирээдүйн амжилтын баталгаа болдоггүй.

Хэрэглэгч талбар. “Бид хэрэглэгчдэд ямархуу харагдаж байна вэ?” Каплан, Нортон нар компаниуд аливааг хэрэглэгчдийн өнцгөөс харж байж өсөлтөнд хүрэх, хуучнаа тогтоон барихаас шинэ хэрэглэгч олох нь илүү зардалтайг ойлгож ирсэн үед санаагаа анхлан бичиж байсан. Компаниуд “хэрэглэгчийн сэтгэл ханамж” гээчийг маань мэт үглэж, хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагаа менежментийн шинэ “моодны” санаа болж байсан. Хэрэглэгчид тавих халамж тэр үеэс хойш огт багасаагүй юм. Компани бизнесийг энэ өнцгөөс харахын тулд хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл хангалуун байгааг хэмжиж, тооцоолох ёстой. Ингэхдээ хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчийг тогтоон барих хувь, хэрэглэгчийн хариу үйлдэх хувь, нэр хүнд зэргийг хэмжинэ.

Каплан ба Нортон
“Тэнцвэртэй үнэлгээний арга” нь орчин үеийн менежментийн маш түгээмэл санааны нэг юм. Саявтархан зөвлөх үйлчилгээний нэг компани “Форчюн” сэтгүүлийн “Шилдэг 1000 компани” жагсаалтад багтсан байгууллагуудын 40-өөс багагүй хувь нь энэ аргазүйг ашигладаг гэсэн тооцоо хийсэн байдаг.

Энэхүү аргыг зохиогч Роберт Каплан, Дэйвид Нортон нар хэд хэдэн ном хэвлүүлж, компаниудад санаагаа хэрэгжүүлдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулж, ашигтай ажиллаж байна. Каплан Харвардын бизнесийн сургуульд 1984 оноос багшилж байгаа бөгөөд 2005 онд “Файнэншл Таймс” сэтгүүлийн “Бизнесийн шилдэг 25 сэтгэгч”-ийн нэгээр шалгарсан. Нортон хамтдаа байгуулсан “BSCol” компанид мэргэжлийн зөвлөхөөр ажилладаг.

Тэд 2001 онд бичсэн “Стратегид төвлөрсөн байгууллага” номдоо “Тэнцвэртэй үнэлгээний арга”-ын санаагаа стратегийн менежментийн тогтолцоо болгон өргөжүүлж, “стратегийн зураглал” хэмээх санааг шинээр гаргаж ирсэн. “Тэнцвэртэй үнэлгээний арга”-ыг бүхэлд нь нэг хуудсанд багтаасан диаграмыг Каплан “байгууллага үнэ цэнэ бүтээдэг загвар”-ын зураглал гэж хэлдэг.

Бизнеийн процессын талбар. “Манай дотоод үйл ажиллагаа хэр үр ашигтай вэ?” Энэ бол дотогш харж, бизнесийг хөдөлгөгч гол процессуудын гүйцэтгэлийг хэмжинэ гэсэн үг юм. Ихэнх компани, ялангуяа үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд энэ маш танил зүйл байсан. Бизнесийнхээ мөн чанараас хамаарч өөр өөр хэмжүүр байх боловч онцсайн үйлдвэрлэл, чанар, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хугацаа, агуулахын менежмент зэрэг нийтлэг хэмжүүр байдаг. Зарим хүмүүс “Бид ямар үйл ажиллагаандаа онцсайн байх ёстой вэ?” гэж хялбарчлах нь бий.

“Тодорхойлж чадаж байвал удирдаж чадна” – Дэйвид Нортон, 2001

Суралцахуй ба ажилтны хөгжил талбар. “Бид ямар өөрчлөлт, сайжруулалт хийж болох вэ?” Энэхүү асуултын хариултууд ирээдүйн гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг гаргаж ирэх боломжтой. “Суралцахуй” нь зөвхөн сургалт биш, түүнийг багтаасан өргөн ойлголт юм. Сургалтанд зориулсан цаг, ажилтнуудын гаргасан шинэ санааны тоо зэрэг нь энэ талбарын хэмжүүрүүд байж болно. Каплан, Нортон нар байгууллагад ментор буюу зөвлөх, багш нар чухал гэдгийг онцолж, ажилтнуудын хоорондох харилцаа тайван явагддаг байх нь асуудал тулгарахад хэрэгтэй туслалцааг авахад хялбар болгодог гэжээ. Зарим хүмүүс энэ талбарт инновацийг багтааж, борлуулалт дахь судалгаа, хөгжилд зарцуулагдсан зардал, шинэ бүтээгдэхүүнээр хийгдсэн борлуулалтын хувь зэрэг хэмжүүрүүдийг гаргаж тавьдаг.

“Санхүүгийн системүүд нь шалтгаан, үр нөлөөний цаг хугацааны логикийг харуулдаггүй. Тэдгээр нь стратегийн жор гэгдэх өөр төрлийн активуудыг нэгтэж чаддаггүй” – Дэйвид Нортон, 2001 он   

Зөвхөн санхүү биш, энэхүү 4 талбарын өгөгдлүүд, тэдгээрээс гарсан үр дүнг хамтад нь тавьснаар байгууллагыг “тэнцвэртэй” харах боломжтой. Стратеги, хэмжүүрийн уялдаа холбоо чухам юуг хэмжих вэ буюу хэмжүүрүүдийг сонгоход тод илэрдэг. Гэхдээ “Тэнцвэртэй үнэлгээний арга” нь хэмжүүрээр төгсдөггүй. Хэмжүүрүүдийг тодорхойлох нь менежерүүдэд байгууллагаа илүү тодорхой харж, илүү үр нөлөөтэй удирдах, авсан мэдээлэлд үндэслэн сайн шийдвэр гаргахад тусалдаг.

Тиймээс Каплан, Нортон нар компаниудад “Тэнцвэртэй үнэлгээний арга”-ыг хэрэгжүүлэхэд тусалдаг компани байгуулж, түүнийгээ ашигай ажиллуулж, арга нь хэмжилт төдийгүй менежментийн систем гэдгийг ойлгуулж сууна. Тэд хэмжиж чадахгүй зүйлээ сайжруулж чадахгүй гэдэг. Хэмжилт, үнэлгээнээс авсан мэдээлэлд үндэслэн стратегийн хэрэгжилт төдийгүй стратегийг ч өөрчилж болно.

Өнөө үед “Тэнцвэртэй үнэлгээний арга”-ыг томоохон компаниуд төдийгүй олон нийтийн, төрийн бус байгууллагууд ч өргөнөөр ашигладаг. Зарим хэрэглэгчид Тэнцвэртэй үнэлгээний аргыг зөвөөр хэрэгжүүлвэл өөрчлөлтийн хурдасгуур болдог гэдэг. Тэд гүйцэтгэлийн хэмжилт бол эцсийн зогсоол биш гэдэг. Гүүдхартын (Goodhart) хууль ёсоор хэмжүүр өөрөө зорилт болох биш, шинжилгээ хийх хэрэгсэл болох ёстой гэдэг. Хэмжүүр нь заавал 100 хувь нарийвчлалтай байх албагүй ч хүмүүс чухам юу болоод байгааг мэдэх найдвартай үзүүлэлт болох ёстой.

Гол санаа: Бизнесийг тал бүрээс харах  

Tuesday, May 13, 2014

Үндэсний компани, үндэсний үйлдвэрлэгч нараа өмөөрч өмөлзсөн шог зургууд

Блогийн нийтлэлийн бодлого, үзэл санаанд нийцэж байгаа гэж үзээд шог зураач, нийтлэлч С. Цогтбаярын нийтлэл, шог зургуудыг оруулж байна.

Би нийгмийн нэг эд эс болохын хувьд энэ нийгэмд болж буй бүх үйл явдал надад шууд болон шууд бусаар хамаатай гэж үзэж явдаг хүн. Хөл дүүжлэх ганц унаагаа зодсоор байж алчихаад нохой явган гахай нүцгэн амьтан хүн царайчлаад явдаг арчаагүй олхио муутай дүр төрх урлаг утга зохиол, аман ярианд их тааралддаг. Үүнтэй адил улс эх орондоо өөрсдийн боломж бололцоогоороо тус дэм болж эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж яваа үндэсний компани, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчид рүүгээ дайрч давшилдаг муухай хэвшил газар авлаа.

Хаашаа л харна хардлага сэрдлэг. Ийм хүүхдийн зулай шиг эмзэг сэтгэхүй, чөлөө замбараагүй мэдээллийн орчинд хэн нь ч тоглолт хийж, юу хүссэнээ итгүүлэн сэнхрүүлэхэд хэт амар байгаа юм биш үү? Саяхан гэхэд л бүхэл бүтэн хөдөө аж ахуйн салбарыг донсолгосон айхтар өвчин хэлж ирэлгүй хийсэж ирээд  дээрээсээ доор хүртлээ үймж сандарч амсхийх завгүй байхад л “чоно борооноор” гэдэг шиг газар тариалан, хүнсний ногоо эрхлэгчдийн ар нуруу руу хэдэн “Түгжил” хутга зоочихоод алга боллоо. Хаанаас ч шидсэн чулуу юм, хэний ч хутга юм бүү мэд. Ингээд бодохоор нээрээ ч тагнуул туршуул хорлон сүйтгэгчид нь байдаг мэт. Эсвэл хувь хувийн жаахан бизнес, ашиг орлогын төлөө үхэлдэн тэмцэхдээ өрсөлдөгчөө өөртэйгөө адил үндэсний компани гэж хараад муулж хор найруулахдаа идэж буй тогоотой хоол руугаа нулимж буйгаа үл анзаараад байна уу?

Миний бодлоор бидний өрсөлдөгч нь бид өөрсдөө биш харин энэ биднийг гэдсэндээ хөлөө хийлцэж байх хооронд зах зээлд маань ноёрхолоо тогтоосон гадныхан юм биш үү? Үндэсний компаниуд тус тусын бага сага эрх ашиг гэхээсээ алсыг харсан том бодлого том ухаан гаргаж нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэж, төр засаг нь бодлогоор дэмжиж, хэрэглэгч бид нар тэртээ тэргүй суваг солих адил сонголтын боломжоо үндэснийхээ брэнд дээр төвлөрүүлж үндэсний компаниудаа хайрлаж чадвал алга урвуулах асуудал үгүй мэт...

Үндэсний үйлдвэрлэл гэхээрээ эсгий таавчиг, савхин дээл, ноолууран цамц мэтхэнээр төсөөлдөг цаг хэдий түүх болон үлджээ. Монгол залуус өнөөдөр харилцаа холбоо мэдээллийн технологи, программ хангамж, үүрэн телефоны үйлчилгээний, оюуны өндөр чадамж, техник технологийн нарийн мэдлэг шаардсан салбаруудад хүртэл амжилт гаргаж бизнесийн амжилт олж чадаж байна. Эрчим хүч уул уурхайн салбарт гэхэд л дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи, шийдлүүд хэрэглэгдэж монгол инженерүүдийн ур ухаан хаа ч гологдохгүйгээ нэгэнт батлаад авлаа. Өөдлөн хөгжиж дэвжиж буй үндэсний компаниудынхаа ололт амжилтыг нь дэмжин тэтгэх халуун сэтгэл, алдахад нь уучлах бүлээн хайраар хандацгаая...


Амьддаа бие биеээ хайрлацгаая. Бид цөөхүүлээ биднийг бид өөрсдөө л хайрлахгүй, дэмжихгүй бол бол хэн гэж...? Үндэснийхээ компани үндэснийхээ үйлдвэрлэгч нараа өмөөрч өмөлзсөн шог зургуудаасаа толилуулья...









Эх сурвалж: http://tsogtbayar.niitlelch.mn/content/5929.shtml

Tuesday, April 29, 2014

"МСиЭс-ийн Оджаргал"-ыг илүү дэмжье

 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй-


Манай гариг 220 гаруй улстай. Эдгээр улс хил хязгаараар тусгаарласан газар нутагтаа бүтээсэн хөгжлөөрөө уралдан хүн төрөлхтөний түүхийг бичиж явна. Тэдний нэг нь 2222 жилийн төрийн түүхтэй Монгол Улс. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай гэж ерөнхийд нь ангилна. Монгол Улс “хөгжиж байгаа” хэсэгт багтана. “Хөгжлийн гараа”-н дээрээ зогсч байгаа улс гэвэл илүү ононо. Аль нэгэн улсын колони орон байж хаялгаар нь хөгжсөн газар цөөн бий.  Хонгконг Британийн, Макао Португалийн, Тайвань Японы гэх мэт. Харин тусгаар тогтносон, бие даасан  улсуудын дунд гаднынхан ирээд  хөгжүүлж өгсөн улс орон гэж одоогоор алга. Манайх л анхных нь болох гэж зүтгээд байх шиг. Энэ нь төр засгийн ч, монголчуудын ч  зүгээс гадныхныг хэт шүтэх, үндэсний хөрөнгөтнүүдээ үгүйсгэх хандлагаас ажиглагдана. Ялангуяа энэ засгийн өнгөн дээр яг одоо 30 гаруй компанийн захирлыг цагдан хорьж буйгаас, барина, хорино, торгоно гэж баялаг бүтээгчид рүүгээ хэт их дайрч байгаагаас харагдана.

Гэтэл хөгжлийн өндөрлөгт хүрсэн  Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь, Финланд зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжиж  дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүх үндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэй нь  салшгүй холбоотой байх юм.

Тухайлбал, АНУ  капиталистуудаа дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр хөгжсөн улсын төгс жишээ. Дэлхийн зах зээлийг эзэгнэгч Microsoft, Google, JP Morgan, Coca Cola, MacDonalds зэрэг дурдаад дуусахгүй олон компаниуд АНУ-ынх. Эдгээр компанийг  XIX зуунаас эхлэн Засгийн газар нь бодлогоор дэмжиж, ажиллах таатай  орчныг нь бүрдүүлж дэлхийд гаргаж ирсэн байх юм. Үндэсний хөрөнгөтнүүдээ дагаад АНУ ч  дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ.

Япон гэхэд АНУ-аас жишээ авч 30 гаруйхан жилийн дотор Мицубиши, Тоёота, Сони, Хонда зэрэг үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэгээр эдийн засгийн хөгжлийн ид шидийг харуулсан бол Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань гээд Азийн дөрвөн ч “бар” бас л Японоос суралцаж энэ жишгээр хөгжсөн. Финланд гэхэд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ эзэмшилд байдаг  “Nokia”-г эхлээд дэмжиж, дараа нь түүнийхээ  дэмжлэгийг нь авч хөгжсөн байна.

Европтоо хамгийн хүчирхэг, дэлхийд тэргүүн эгнээнд зогсдог эдийн засагтай Германы хөгжлийг  Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi, Porsche, Adidas, Nivea зэрэг үнэдсний компаниудгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Эдгээр компани нь томорч дэлхийд гарсан учраас үндэсний капитилистуудаа дагаж Герман улс ч дэлхийд гарч ирсэн.

АНУ, Германы жишгээр хөгжсөн Европын бас нэгэн орон бол “Celtic Tiger” буюу Кельтийн барс хэмээн алдаршсан Ирланд улс. Үнэндээ Ирландад бар байхгүй л дээ. Харин 1980-аад онд л баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан Ирландыг эдийн засгийн эрчимтэй хөгжлөөр нь Азийн дөрвөн бартай зүйрлэдэг.

Эдгээр жишээнээс нэг асуулт гарна. Хэрвээ Засгийн газар нь бодлогоор үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжээгүй бол Microsoft, Google, Coca Cola, MacDonalds өнөөдөр дэлхийн брэнд болох байсан уу. Эд дэлхийн брэнд болоогүй бол  АНУ ингэж хөгжих үү. Тоёото, Хондо, Сони-г төр нь дэмжээгүй бол тэд дэлхийд гарч,  Япон Азийн бар болох байсан уу.  Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi төрийнхөө дэмжлэгийг аваагүй бол Германыг  Европын тэргүүлэх хөгжилтэй улс болгох хүчин зүйл өөр байсан гэж үү. Самсунг, Хьюндай-гаа дэмжээгүй бол Өмнөд Солонгос ингэж үсрэнгүй хөгжих байсан уу.

Хариулт нь их энгийн. “Үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэггүйгээр улс орон хөгждөггүй” гэх нэг л хариулттай. Гаднынхан очиж хөгжүүлж өгсөн улс орон нэг ч байдаггүйн нотолгоо нь энэ хариулт юм. Үндэсний хөрөнгөтнүүд л улсаа  бар болтол хөгжүүлдэг нь эндээс харагдана. Тийм учраас эдийн засагчид  хөгжилд хүрсэн улс орнуудыг “бар”-тай зүйрлэдэг. Япон, Солонгос, Сингапурыг  Азийн барууд гэдэг. Канадыг Умардын бар, Дубайг  Булангийн бар, Ирландыг Кельтийн барс,  Балтын тэнгисийн орнуудыг Балтын барс зэргээр нэрлэдэг.

Харин манай улсад ямар байна вэ. Дэлхийн брэндүүд Монголд орж ирж байна аа.  Харин Монголоос гаралтай, улсаа дагуулж  дэлхийн зах зээлд гарах хөгжлийн монгол брэнд хараахан алга. Нүүрсээ барьцаалж бирж дээр бонд босгосон ганц хоёрхон үндэсний компаниудыг эс тооцвол дэлхийн зах зээл бидэнд хол хэвээр байна. Монгол Улс өөрөө дэлхийн өмнө хаалттай ч байгаа юм уу, мэдэхгүй.  Харин Монголын төрд, монголчуудад үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих дэмжлэг бараг алга. Тэгсэн атлаа хөгжих хүсэл байдаг. Хүслийг маань гаднынхан биелүүлнэ гэж үлгэрт итгэдэг шиг төр, засгаараа, улсаараа  найдаад төөрч явна. Гэтэл гаднынхан гэж хөгжил бэлэглэдэг буяны байгууллага, байнга буцалтгүй тусламж үзүүлдэг улаан загалмайнхан биш шүү дээ.  Бид 20 гаруй жил ингэж л будиллаа. Байгуулж байгаа нийгмийнхээ эсрэгээр, улстөрийнхөн нь баялаг бүтээгчдээсээ баян амьдрах ёстой гэж зүтгэлээ. Үндэснийхээ өнгөтэй өөдтэй компаниудыг буруутгаж намналаа. “MCS”-ийг, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкийг, “МАК”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Гацуурт”, “Шунхлай”-г түрүүлж мөнгөтэй боллоо, тасарч баяжлаа хэмээн нийтээрээ буруутгаж, намууд  улстөрчид нь сонгуулиар сааж амьдарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр компаниуд ажлын байр гаргаж, татварт хэдийг төлж,  улсын төсвийн хэчнээн хувийг бүрдүүлдгийг тооцож байсан нь цөөхөн. Оюутолгой, Тавантолгой л гэж хошуурах. Гэтэл хамгийн олон ажил олгогч, хамгийн их татвар төлдөг, бас хамгийн олон айл өрхийн  төсөв болон өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой “MCS”, МАК, мах, гурил талхны үйлдвэрүүд зогсоход, Голомт, Хаан Худалдаа хөгжлийн банк доголдоход л өнөөдөр Монголын эдийн засгийн зүрх зогсоно шүү дээ. Үндэсний эдгээр компаниуд эдийн засгийг ингэж чирэх атлаа төрд, олон түмэнд үргэлж адлагдана.  Монголчуудынхаа амьдралыг үндэсний эдгээр компаниуд л нуруундаа үүрэх хэрнээ үргэлж айдастай. Төрийн татвар хяналтаас, тасарч баяжих гэлээ гэх олон түмний дургүйцлээс болгоомжилно. Хулгай хийгээгүй хэрнээ хулгайч шиг айна. Хатуу сонсогдож магадгүй, хийж бүтээсэн, босгож байгуулснаа хулгайчдаас хамгаалахын тулд нээрээ ч хулгай “хийчихсэн” юмшиг ч загнана,  хагас нойртой амьдарна. Саяхан нэгэн сайн танил маань хулгайг гурилддаг нь Ганцхудагт, төгс хийдэг нь Төрийн ордон ба түүний ойролцоо байдаг юм гэсэн нь бас л бодууштай санагдсан. Давхар давхар ийм тушаатай явахад үндэсний хөрөнгөтнүүд яаж өндийж, үндэсний баялаг бүтээгчид хэдийд нь дэлхийд гарах ч юм билээ. Тэд хөл дээрээ бат зогсоогүй цагт Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд гарч чадахгүй. Үүний нотолгоо нь Канадын ердийн нэгэн компани манай Оюутолгойн ордын лицензийг эзэмшигч гэдгээрээ дэлхийд гарч хөрөнгөжөөд явахад баялгийн эзэн-Монгол Улс байрандаа л байх.

Монголд улстөрийн лидерүүд бол байна аа. Нам бүлэг, төрийн институцийнхээ төвшинд. Харин үндэсний лидер төрөхгүй байгаа юм болов уу.   Эсвэл байгаа нь үндэстнээ манлайлах, үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадахгүй  байгаа ч юм уу.

Ойрын жишээнээс дурдахад, Малайзыг хөгжилд хүргэсэн, Ерөнхий сайд асан Махатир Мохамад жирийн нэгэн улстөрч байхдаа тухайн үеийн Засгийн газрынхаа тэргүүнд гаднын, ялангуяа хятад үндэстнүүдэд найдаж, Малайзын хөгжлийн хувь заяаг даатгасныг шүүмжилж нээлттэй захидал илгээжээ. Малайзыг малайзууд л хөгжүүлэх тухай  шинэ бодлогыг санал болгосон энэхүү захидал  “The Malay Dilemma” нэртэй ном, сүүлдээ Малайзын хөгжлийн “Үндсэн хууль” болсон гэдэг.

Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнийн хэвлүүлсэн “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” нэртэй ном нь түүний компани төдийгүй, солонгосуудын хувьд Коран судар, Библи байсан бөгөөд шахалтаар уншуулдаг байжээ.

Сингапурын төрийн эрхийг 40 гаруй жил барьсан Ли Куан Ю-гийн “хөгжлийн жор” нь  ердөө сингапурчууд байв. Тэрээр Сингапурыг сингапурчууд л хөгжүүлнэ гэдэг проект-бодлого хэрэгжүүлжээ.

Харин манайд өөдөө босоод ирснийг нь өшиглөж унагаах технологи илүү хөгжлөө. Улстөрийн аргаар нэг унагаана. Жишээ нь, Х.Баттулга, Сү.Батболд, Г.Батхүү, бүр Н.Номтойбаяртай улстөрөө л ярихгүй, яагаад бүтээсэн баялаг руу нь дайрдгийг, бүтээж босгосноор нь улстөр хийдгийг ойлгодоггүй. Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй. Орос эрийн эзэмшилд байсан алтны томоохон ордыг авч, ашгийг нь ч, алтыг нь Монголдоо үлдээх болсон, эх орондоо дэлхийн жишгээр анхны сүлжээ зочид буудал байгуулж буйнхаа төлөө “Алтан Дорнод-Монгол” компанийн  захирал Т.Ганболд яагаад буруутан болдгийг би мэддэггүй. Эзэмшиж буй лицензийнхээ хэмжээнд таарсан нөөцөө барьцаалаад бирж дээр хөрөнгө босгосон нь яагаад улстөрд, улстөрийнхөнд хэтэвч болж харагддагийг гайхдаг. Саяхан “QSC” гэж монгол компани Дарханы төмөрлөгийг гангийн үйлдвэр болгохоор төртэй Концесс байгууллаа. Тэд дөрвөн жил ажилласан төслөө үргэжлүүлж, оросууд “Эрдэнэт”-ийг байгуулсан дайны, авсралиуд Өмнөговьд босгож байгаа Оюутолгой төслийн хэмжээний том бүтээн байгуулалтыг эх орондоо хийхээр зориг шулууджээ. Эдийн засагт үүнээс илүү сайхан мэдээ гэж өөр юу байх билээ. Улсын хөгжлийн хөтөч нь хүнд аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн ганц “талх” нь ган гэдэг. Тийм учраас аливаа улсын тусгаар тогтнол нь гангийн  үйлдвэрээсээ эхэлдэг гэсэн үг гарсан хэрэг. Тийм ч учраас Солонгосын одоогийн Ерөнхийлөгчийн аав Пак генерал засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэрээ барьж эхэлсэн байдаг. Хятадад ч адилхан, Мао-гийн үед айл бүр ган хайлуулах тухай бодлого гарч байсан нь түүхэнд үлджээ. Энэ нь ган хайлуулах нарийн технологийг мэдэхгүй ч, гангийн үйлдвэртэй байж гэмээнэ улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг тэр үеийн удирдагчид сайн мэдэж байжээ. Эцэст нь төмөртэй хүн баяждагийн жишээг амьдралд нотолж дайны хөлд нэрвэгдсэн, загас жараахай, цагаан будаанаас өөр баялаггүй явсан Солонгос, Япон, Хятадыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн, одоо ч эдийн засгийг нь тэтгэдэг мөнхийн хөдөлгүүр нь  гангийн үйлдвэр болжээ. Энэ “талх”-ны түүхий эд-үрийн будаа болох төмрийн хүдрийг монголчууд бид нийлүүлдэг байв. Одоо нэгэнт өөрсдөө “үрийн будаа”-тай учир япон технолгиор “талх”-аа Монголдоо үйлдвэрлье гэдэг яах аргагүй сайн мэдээ. Хийх гэж зориглох нь хийхгүй сууснаас л дээр.

Өөдөө босох гэж байгааг нь өшиглөхөөс гадна гаднаас өрсөлдөгч оруулж ирээд нам даруулж бас унагах гэнэ. Саяхан гэхэд, өмнөд хөршийн төрийн өмчит “Bank of China”-гийн салбарыг Улаанбаатарт оруулж ирж унаж, уруудаж буй эдийн засгийг эрчимжүүлнэ гэж хэсэг ярилаа. Бараг дэлхийн эдийн засгийг тодорхойлж яваа өмнөд хөршийн төртэй нийтдээ  арав гаруйхан тэрбум долларын активтай Монголын арилжааны 14 банк нийлээд ч өрсөлдөж чадахгүйг мэдмээр л юм. Цаана нь өөр стратеги байсан үгүйг бид бас  мэдэхгүй.

Гэтэл хөгжсөн улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэхийн тулд гаднын өрсөлдөгчдөд хязгаарлалт хийдэг байна. Элсэн цөлд газрын диваажин босгож буй Арабын Эмират гэхэд  “51 хувийн босго” гэх бодлоготой. Тэнд хөрөнгө оруулалт хийгээд ижил төрлийн зах зээлийн 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний  мэдэлд байх ёстой гэнэ.  Бас Германд дотоодын хөрөнгө оруулагчдаа гаднынхнаас хамгаалах агентлаг байдаг ажээ. Манайд бол хамгаалснаас хааж, хязгаарласан бодлого нь илүү. Бондын мөнгөтэй хэрнээ тэндээс цаасан дээрх төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийг эс тооцвол үндэсний том компаниудаа дэмжсэн төсөл бараг байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэл гэдгээр 888 төсөлд жижиглэн тараах улстөрийн шийдэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэл бол  бидний 24 жил явсан, мэддэг зам. Тэдэн дундаас дараагийн “MCS”, “Голомт”, “Таван богд”, “МАК” төрөхийг 24 жил хүлээлээ, байдаггүй.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жижгүүд ч төрийн дэмжлэгээр өсч томорх эрхтэй. Тэгэхдээ аль ч  улс оронд хүн бүр нь олон охин компанитай группийн захирал, эсвэл  тэрбумтан байдаггүй. Харин ч томуудынхаа хаялгийн хүртэж нэг хэсэг нь амьдардаг, улс хөгждөг нь хууль.  Үүний жишээ нь Өмнөд Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 40-45 хувийг дөрвөн том корпорац гаргадаг бол Японы эдийн засгийн 90-ээс дээш хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Энэ 90 хувийнхаа 50 хувийг хамгийн томд тооцогддог 18-хан  корпорац бүрдүүлдэг байна. Хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй Монголд 18-аа байг, гэхэд  “MCS” шиг дахиад  арван компани байхад л хөгжих бололцоо илүү нэмэгдэнэ. Тийм учраас л одоо “дараагийн MCS”-ийг гаргаж ирэхэд, “дараагийн Оджаргал, Баттулга, Баясгалан, Батболд, Нямтайшир, Чинбат, Баатарсайхан”-ыг бодлогоор төрүүлэхэд төрийн дэмжлэг илүү хэрэгтэй. Тийм ирээдүйг илүү дэмжье.

Ерөнхийлөгч гарын үсэг зурж, хотын даргын сонгуулийн амлалтаар бол манай улс 2040 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргыг эх орондоо хүлээж авна. Байж болох сайхан л мөрөөдөл. Тэгэхдээ улс нь хөгжөөгүй, ядаж 2-3 цэнгэлдэхгүй бол энэ мөрөөдөл биелэх боломжгүй. Харин үүний оронд Монголын “Самсунг”-ийг, бас түүнд дөхөж очих хэдэн том үндэсний компанийг дэмжиж төрүүлбэл, хөлбөмбөгийн аварга байтугай нь давхар шийдэгдэнэ.  Жижгээр том асуудлыг шийддэггүй, харин ч томын хаялган дор жижгүүд инерцээрээ шийдэгдэж явдаг нь байгалийн хууль шүү дээ.

Эх сурвалж: http://otgonbayar.niitlelch.mn/content/6041.shtml